Баянгол дүүргийн Насан туршийн суралцахуйн төвийн хамт олон
Баянгол дүүргийн Насан туршийн суралцахуйн төв нь иргэн бүрийн боловсрол, мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх, насан туршийн суралцах боломжийг бүрдүүлэх зорилготойгоор үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллага юм.
Манай төв нь Монгол Улсын Засгийн газрын 1997 оны 116 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 1998 оны А/40 тоот захирамжийг үндэслэн 1998 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Б/83 тоот захирамжаар Баянгол дүүрэгт албан бус боловсролын “Гэгээрэл хөгжлийн төв” нэртэйгээр анх байгуулагдсан.
2013–2014 оны хичээлийн жилээс эхлэн Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/1102 тоот тушаалаар “Баянгол дүүргийн Насан туршийн боловсролын төв” нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.
Улмаар 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн “Насан туршийн суралцахуйн төв” нэршилтэйгээр, 26 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Одоогийн байдлаар төвийн захирлаар Монгол Улсын зөвлөх багш Б. Гэрэлгуа ажиллаж байна.
Тус төв нь ЮНЕСКО-гийн “Суралцагч хот” үзэл баримтлалын хүрээнд иргэн бүрт хүртээмжтэй, чанартай сургалт, хөгжлийн үйлчилгээг хүргэх, тасралтгүй суралцах соёлыг төлөвшүүлэхэд чиглэн төрийн болон төрийн бус байгууллага, иргэдтэй хамтран үйл ажиллагаа явуулж байна.